2010/12/08

Үйлдлийн систем

Үйлдлийн систем (Англи хэл: Operating system, OS) харилцан уялдаатай системийн программуудын цогц юм.
Компьютерын ажиллагааг 2 давхаргаас тогтсон сонгинотой зүйрлэж болно. Сонгинын хамгийн дотор талд компьютерын техник хангамж байрлана. Түүний гадуур програм хангамжийн давхарга байрлана. Харин хамгийн гадна талд хэрэглэгч уг сонгиныг “харж” байгаа.
Тэгвэл програм хангамжийн давхарыг дотор нь дахиад хоёр давхаргад хуваан үзэж болно:
  • дотор талын давхарга - Үйлдлийн Систем
  • гадна талын давхарга - бусад програм.
Ө.х. хэрэглэгч програмуудын тусламжтайгаар компьютертэй ажиллана. Харин програмууд нь ҮС-ийн тусламжтайгаар компьютерын техниктэй холбогдоно.
Тиймээс ҮС-ийг компьютерын техникийн програман үргэлжлэл гэж болно. ҮС нь хэрэглэгчийг, компьютерын төхөөрөмжүүдтэй ажиллах процессын талаарх нэгт нэгэнгүй мэдээллээс халхалж, ингэснээр энэ процессыг гүйцэлдүүлэх нүсэр ажлаас түүнийг чөлөөлж өгдөг.

ҮС-ийн гүйцэтгэх үүргийг дурдвал:
  • диалог буюу хэрэглэгчтэй харьцах
  • оролт-гаралт, өгөгдлийг удирдах
  • програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт
  • санах ой, кэш, процессор, гадаад төхөөрөмжүүд г.м. компьютерын хэсгүүдтэй ажиллах
  • сонгосон програмыг ажиллуулах
  • боломжит бүх төрлийн үйлчилгээ (сервис)
  • дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах
  • монитор, гар, дискүүд, принтер г.м. залгах төхөөрөмжүүдийн ажиллагааг програмын түвшинд дэмжих зэрэг болно.
Компьютеруудын төрлөөс хамаарч, тэдгээрт ашиглагдах ҮС-үүд мөн өөр өөр байна. Гэхдээ нэг төрлийн компьютерт зориулсан өөр өөр ҮС-үүд ч бас байдаг. Ж.нь одоо үед Windows, Unix, Linux г.м. ҮС-үүд PC-т өргөн ашиглагдаж байна.
PC-ийн ҮС нь дараах үндсэн компонентуудыг агуулах ёстой. Эдгээр нь:
  • командын хэл
  • командын процессор
  • драйверууд
  • файлын систем
зэрэг болно.

Командын хэл

Хэрэглэгчээс ҮС-д өгч болох командууд урьдаас тодорхойлогдсон байдаг. Эдгээр командын цогцыг ҮС-ийн командын хэл гэдэг.
Хэрэглэгч командын хэлний тусламжтайгаар:
  • каталоги руу (фолдер, хавтас) хандах
  • дискүүдийг тэмдэглэх (disk labeling)
  • програмуудыг ажиллуулах
г.м. болон бусад олон үйлдлийг хийх боломжтой байдаг.

Командын процессор

Командын процессор бол хэрэглэгчийн өгсөн командыг авч, анализ хийгээд биелүүлдэг системийн програм юм.

Хэрэглэгчийн интерфейс

ҮС-д хэрэглэгч нь командын хэлийг ашиглан командын процессортой харьцаж буй арга замыг хэрэглэгчийн интерфейс (user interface) гэдэг.
Өнөөдөр ҮС-үүд:
  • Текст интерфейс (command line interface - CLI)
  • График интерфейс (graphical user interface - GUI)
гэсэн хоёр төрлийн хэрэглэгчийн интерфейсийг ашигладаг.

Текст интерфейс

CLI нь сонгодог (буюу уламжлалт) интерфейс бөгөөд хэрэглэгч командын хэлний тодорхой командыг бичиж өгөөд Enter дарах замаар командын процессортой “тулж” ажиллах хэлбэр юм. Үүний тулд хэрэглэгч нь командын хэлийг мэддэг байх шаардлагатай.

График интерфейс

 

Харин GUI нь хэрэглэгчид илүү тохиромжтой хэлбэр бөгөөд зөвхөн хулганы тусламжтайгаар, график дүрслэл бүхий виртуал орчинд хүссэн үйлдлээ хийж болдог. Ө.х. хэрэглэгч нь командын хэлийг мэддэг байх шаардлагагүй.

Shell

Хэрэглэгчийн интерфейсийг хэрэгжүүлж байдаг системийн програмыг shell (хөтөч програм) гэдэг. ҮС болгон өөрийн гэсэн shell-үүдтэй байна. Ж.нь Windows бүлийн системд:
  • Windows Explorer
Command Prompt гэсэн стандарт shell-үүд бий. Windows Explorer бол график интерфейсийг хэрэгжүүлэгч shell (graphical shell) юм. Харин Command Prompt бол текст интерфейсийг хэрэгжүүлэгч shell (text shell) юм.

Драйверууд

Драйверууд (drivers) нь компьютерын төхөөрөмжүүдийг удирдахад шаардлагатай системийн програмууд юм.
Стандарт дотоод төхөөрөмжүүдийн драйверууд BIOS (Basic Input-Output System) буюу Оролт-Гаралтын Үндсэн Системийг бүрдүүлдэг.

Файлын систем

Тогтмол санах байгууламжид байрласан, тодорхой нэр бүхий цогц мэдээллийг файл (file) гэдэг. Файл нь програм, тоон өгөгдөл, текст, кодлогдсон дүрс мэтийг агуулж болно.
Ерөнхий тохиолдолд тогтмол санах байгууламжид асар олон тооны файл агуулагдана. Тэгвэл хэрэглэгч нь энэ олон файл дундаас тухайн нэг файлыг түргэн шуурхай олж, хялбар байдлаар харьцдаг байх ёстой. Үүний тулд файлууд нь дискэн дээр тодорхой нэг аргын дагуу, ө.х. тодорхой зохион байгуулалттайгаар байрласан байна. Ийм аргыг (зохион байгуулалтыг) нь файлын систем (file system) гэдэг. Файлын систем нь:
  • Файлуудыг яаж хадгалах
  • Файлуудыг яаж нэрлэх
  • Файлуудыг яаж төрөлжүүлж, ангилах
г.м. асуудлуудыг тодорхойлно.
ҮС болгон өөрийн гэсэн файлын системтэй. Тухайлбал Windows бүлийн ҮС-үүд FAT16, FAT32, NTFS г.м. файлын системүүдийг ашигладаг бол Linux бүлийн ҮС-үүд ext2, ext3, XFS г.м. файлын системийг түгээмэл ашигладаг.
Ихэнх файлын систем файлыг диск рүү хадгалахдаа хадгалах “орон зайг” 0.5kb эсвэл 1, 2, 4 кb-ын урттай жижиг блокуудад хуваагаад файлыг эдгээр блокуудаар тарааж байрлуулдаг байна. Ийм блок хэсгийг сектор (sector) гэнэ. Ж.нь Windows XP системд, секторын хэмжээ 4 kb байдаг.
Файлын систем нь файлуудыг төрөл, зориулалтаар нь ангилж, “каталогижуулах” ажлыг гүйцэтгэдэг. Дотроо файлууд агуулсан ийм каталогийг фолдер (folder) буюу хавтас, директори (directory) г.м.-ээр нэрлэдэг.
Файлын систем нь файлыг ч, хавтсыг ч нэрлэдэг. Мөн файлыг ч, хавтсыг ч устгаж, зөөж, хувилж, нэрийг нь өөрчилж болно.
“Каталогижуулах” хэлбэрээр нь файлын системийг:
  • Хавтгай буюу шугаман (flat)
  • Мод хэлбэрийн (Hierarchical)
г.м.-ээр ангилж болно. Хавтгай файл системд, каталоги доторх каталоги гэж байдаггүй. Бүх каталогиуд нэг төвшинд, “зэрэгцэн” оршино. Мод хэлбэрийн файл системд, каталоги дотор дахиад каталоги байж болдог. Ж.нь Windows-ын файл систем мод хэлбэрийн бүтэцтэй.
PC-ийн ҮС нь хатуу диск дээр хадгалагдах бөгөөд компьютерыг асаахад тэндээс уншигдаж, RAM-д ачаалагддаг. Энэ процессыг ҮС-ийг ачаалах (OS loading) гэж нэрийднэ.
Анхны үйлдлийн систем нь компьютерын технологийн хөгжлийн хоёрдугаар үе буюу транзистор ашиглах болсонтой хамт үүссэн. Хоёрдугаар үеийн том компьютерууд нь тухайн уламжлалын дифференциал тэгшитгэлийг бодох гэх мэтийн физик, инженерийн салбарт гарч ирдэг байсан ШУ-ны болон техникийн тооцоог хийхэд голчлон хэрэглэгдэж байжээ. Програмаа үндсэндээ Фортран, ассемблер дээр бичих ба үйлдлийн системүүд нь FMS (Fortran Monitor System), IBSYS (IBM корпорацийн IBM 7094 компьютерт зориулж гаргасан үйлдлийн систем) байсан.

No comments:

Post a Comment