2010/12/08

Компьютерын хөгжлийн үе шатууд


Компьютерын хөгжлийн үе шатууд
Компьютерын хөгжлийн үе шат (computer generation) гэдэг нь тооцоолох электрон техникийн хөгжлийн түүхийг илтгэдэг ойлголт юм. Өнөөгийн байдлаар компьютерын хөгжлийн 4 үе шат өнгөрөөд байна. Үе солигдох болгонд компьютерын овор хэмжээ багасч, харин хүчин чадал нь нэмэгдэж байгаа.
I үе (1946-1958) – электрон ламп
Энэ үеийн компьютерууд нүсэр том хэмжээтэй, удаан, бас өндөр өртөгтэй байв. Тэдгээрийн гол төлөөлөгч нь 1946 онд Преспер Экерт (Presper Eckert), Жон Мохли (John Mauchly) нарын угсарсан ENIAC (Electronic Numerical Integrator And Computer) хэмээх анхны электрон тооцоолох төхөөрөмж юм. Энэ нь 10-тын тооллын системд ажилладаг компьютер байв. Түүний цахилгаан хэлхээнд электрон ламп (vacuum tube) хэмээх элементийг ашигласан байжээ. Энэ нь агаарыг нь соруулж, вакуумжуулсан шилэн хорго бөгөөд дотроо электродууд агуулна. Электродууд эсрэгээр цэнэглэгдсэн тохиолдолд энд электроны урсгал үүснэ. Энэ урсгалыг удирдан гүйдэл хүчдэлийн өсгөгч (amplifier) эсвэл логик түлхүүрийн (switch) горимд ажиллаж болдог байна. Ө.х. сул цахилгаан дохиог хүлээн аваад өсгөж гаргах, цахилгаан дохионы урсгалыг агшин зуур хаах/нээх боломжтой юм. ENIAC компьютер ойролцоогоор 18 мянган электрон ламп агуулсан байжээ. Тухайн үеийн электрон ламп хүний эрхий хуруун чинээ хэмжээтэй байсан тул ENIAC овор хэмжээ маш том хэмжээтэй болсноос гадна маш их цахилгаан хэрэглэж, маш их халдаг байв. Тиймээс аварга том компьютерыг хөргөхийн тулд мөн аварга том хөргүүрүүдийг ашигладаг байжээ.
ENIAC-ийн дараагаар EDVAC (Electronic Discrete Variable Automatic Computer) , UNIVAC (UNIVersal Automatic Computer) г.м. электрон ламп бүхий компьютерууд бүтээгдсэн билээ. Харин ENIAC-аас ялгаатай нь эдгээр компьютерууд Фон Нейманы зарчмуудыг хэрэгжүүлсэн байлаа (2-тын тоололд ажилладаг, програмаа өөртөө хадгалдаг г.м.). Энэ үеийн компьютеруудын мэдээлэл боловсруулах хурд ойролцоогоор 10-20 khz.
II үе (1959-1964) – транзистор
Энэ үеийн компьютеруудэд транзистор хэмээх хагас дамжуулагч элемент ашиглагдсан байв. Транзистор нь мөн л цахилгаан гүйдлийг өсгөж юм уу логик түлхүүр мэтээр ажилладаг байна. Гэхдээ электрон лампыг бодвол илүү хурдан, илүү найдвартай, овор хэмжээ багатай бас үйлдвэрлэлийн өртөг хямд байв. Нэг транзистор ойролцоогоор 40 электрон лампыг орлох ажээ.
Транзисторыг цахиур г.м. хатуу материалаар хийдэг. Цахиур бол газрын гадаргын ¼-ийг бүрдүүлдэг, маш элбэг байдаг элемент юм. Тиймээс транзисторыг үйлдвэрлэх зардал маш хямд ажээ. Транзистор нь электрон лампыг бодвол цахилгааныг илүү хурдан бас сайн дамжуулдаг байна. Транзистор нь овор хэмжээгээр ч гэсэн электрон лампаас хамаагүй жижиг бөгөөд түүнтэй харьцуулахад бараг л халдаггүй гэж хэлж болно.
Ийнхүү компьютерын техникийн үйлдвэрлэлд транзистор нэвтэрснээр тооцоолох электрон техникийн хөгжлийн шинэ үе тавигджээ.
III үе (1965-1970) – интеграл схем
Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон.
Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв.
Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна.
ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон схемийн (загварын) дагуу цахиурын ялтас дээр “хэвлэх” ө.х. “ургуулах” замаар ИС-ийг гаргаж авдаг байна.
Ингэж маш бага орон зайд асар олон логик элементийг цуглуулж чадсанаар нэг элементээс нөгөө рүү цахилгаан дохио дамжихад зарцуулах хугацаа эрс багасна. Үр дүнд нь мэдээж компьютерын тооцоо хийх хурд ихэсч, нэг секундэд гүйцэтгэх үйлдлийн тоо нэмэгдэнэ. Мөн шаардагдах тэжээлийн хэмжээ багасч, энергийн алдагдал багасч, зардал буурсан байна.
Компьютерын овор хэмжээ эрс багасч жижиг шүүгээний эрэмбэтэй болсон байна.
Орчин үеийн компьютер нэг биш харин түүнээс олон ИС-үүдийг агуулдаг. Эдгээр ИС-үүд нь хамтдаа эх хавтан (motherboard) дээр байрлаж байдаг.
ИС анх компьютерын техникт ашиглагдаж эхэлнээс хойш өнөөдрийг хүртэлх болон цаашдын түүний хөгжлийн төлвийг Мурын хууль үзүүлдэг.
IV үе (1971-одоо) – микропроцессор
Компьютерын хөгжлийн 4 дэхь үе бол микропроцессорын эрин үе юм.
Микропроцессор бол процессорын үүрэг гүйцэтгэдэг интеграл схем юм.
1970-аад оны эхээр Intel компанийн ажилтан Эдвард Хофф (Edward Hoff) харандааны балруулын чинээ хэмжээтэй, тооцон бодох болон логик үйлдэл хийж чадах схем агуулсан Intel-4004 хэмээх чип бүтээсэн нь анхны микропроцессор хэмээн өнөөдөр тооцогддог байна. Энэ нь 2300 транзистор агуулсан, секундэд ойролцоогоор 108 мянган үйлдэл хийдэг процессор байсан байна. Intel-4004 микропроцессорын дараагаар Intel-8008 микропроцессор бүтээгдсэн байна. Эдгээр микропроцессорууд компьютерт биш харин тооны машинд ашиглагдсан байжээ.
1974 онд Intel-8080 микропроцессор бүтээгдсэн байна. Түүний чипэнд 4500 транзистор агуулагдсан байв.
Энэ үеэс микропроцессорыг компьютерын үндсэн компонент болгон ашиглах эхлэл тавигдсан гэж үздэг байна. Микропроцессор бүхий компьютерыг микрокомпьютер хэмээн нэрлэх болсон байна. Мөнхүү 1974 онд Эдвард Робертс хэмээх инженер Altair-8800 хэмээх микрокомпьютерыг угсарсан байна. Энэ компьютер худалдаанд гармагцаа маш их эрэлттэй болж чаджээ. Уг компьютерт Intel-8080 микропроцессорыг ашигласан байна.
Овор хэмжээ багатай микрокомпьютерууд бий болсон нь хувь хүмүүс өөртөө зориулж тэдгээрийг худалдаж авах боломжийг бүрдүүлж, харгалзах зах зээлийг бас нээж өгчээ.
1976 онд Стив Возняк (Steve Wozniak), Стив Джобс (Steve Jobs) нар Apple компанийг үүсгэн байгуулж, Apple-I микрокомпьютерыг угсарсан байна. 1977 онд Apple-II микрокомпьютер худалдаанд гарсан байна.
1981 онд IBM компани, тухайн үед Intel-ээс гаргаад байсан Intel-8088 микропроцессор бүхий IBM PC хэмээх микрокомпьютерыг худалдаанд гаргаснаар хэн бүхний мэдэх персонал компьютерын эрин үе эхэлжээ.

1 comment:

  1. Casino, Resort and Convention Center in Las Vegas
    This resort and casino is located 양산 출장샵 in Las Vegas 태백 출장안마 Strip, and is connected to 양주 출장마사지 the Convention Center. The 태백 출장안마 hotel offers numerous bars, shows, nightlife, and much 서울특별 출장안마

    ReplyDelete